Билгүүн буюу Тоникана оюутан цагаасаа л үндсэн ажлынхаа хажуугаар янз бүрийн төслүүд дээр ажилладаг байв. ШУТИС-ийн КТМС-ийн “FISS” клубт зохион байгуулдаг олон төрлийн арга хэмжээнд ажиллаж байхдаа дизайн, текст, маркетингийн анхан шатны туршлагатай болж, хийсэн бүтээсэн зүйлээ олон нийтэд харуулах хүсэлтэй болжээ.
Ийнхүү 2014 онд найзтайгаа нийлэн хөгжим, дүрслэл хоёрыг хослуулсан “Cafune” нэртэй радиог юүтүб дээр хийж байсан нь тухайн үедээ залуусын дуртай хөгжмийн комьюнити болж чадсан юм.
Удалгүй Монголиан Стар Дистрибюшин компанид сошиал медиа мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн нь анхны бүтэн цагийн маркетингийн туршлага нь болжээ. Ингээд тэрээр “Kleenex”, “Splat”, “SC Johnson Products” брэндийн дижитал маркетингийг хариуцах болов.
Сурталчилгааны арга техникүүдэд суралцаж, сурсан бүхнээ тэр дор нь хэрэгжүүлсээр “Kleenex” брэнд хошин, мэдрэмжтэй постоороо залуусын дунд алдаршиж, сошиал маркетингд шинэ өнгө төрх, загвар жишгийг тогтоосон гэхэд хилсдэхгүй.
2019 онд бүтээлч ажлуудыг тайлбарлаж, таниулах зорилготой Kreativ Charisma төслийг инстаграм дээр нээж, зөвхөн энэ салбарынхнаар хязгаарлагдахгүй олон залууст зар сурталчилгаа, маркетингийг шинээр харахад тусалсан юм. Харин сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын маркетингд хүч сорьж, 2020-2022 онд Simple брэнд, 2022 оноос хойш M bank-ийг олон нийтэд шинэлэг байдлаар таниулан ажиллаж байна.