Түүний карьер хүний нөөцийн чиглэлээр эхэлсэн ч бүтээлч зан, аналитик сэтгэлгээ нь маркетингийн салбарт илүү тохирохыг мэдэрч, шинэ салбарт өөрийгөө сорихоор зориг шулуудаж байжээ.
“Экос”, “Цэнэг” “Тайлагч” зэрэг брэндүүд дээр ажилласан анхны жилүүддээ кампанит ажлуудын цар хүрээгээрээ брэндийн мөн чанарыг тодорхойлж, хэрэглэгчийн зүрх сэтгэлд хоногшуулж чаддаг гэдгээ батлан харуулсан юм.
Маркетингийн менежерээс хэлтсийн захирал хүртэл дэвшин ажилласан түүний ахлан хэрэгжүүлсэн ажлуудаас нэгэн төслийг зайлшгүй тодотгох нь зүйтэй. Тэр бол “Хэнэгтэй монгол эр хүн” нийгмийн нөлөөллийн төсөл. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах, улмаар монгол эр хүний дундаж наслалтыг дээшлүүлэх зорилготой уг төслийн судалгаа шинжилгээнээс эхлээд бүхий л явцад нь биечлэн оролцжээ.
“Мессеж бол зүгээр нэг үгсийн цуглуулга биш, хүний мэдрэмжид хүрэх гүүр юм” гэж хэлэх тэрээр “Хэнэгтэй Монгол эр хүн”, “Үрсээ устай үлдээе”, “Зуныг зөөлнөөр мэдэрье” зэргээр оновчтой мессеж боловсруулдгаараа салбартаа ялгардаг.
Өдгөө Ариг банкны маркетингийг хариуцаж буй тэрээр брэнд бүрийг сэтгэлтэй, амьтай болгохыг эрмэлзэж, санхүүгийн салбарт маркетингийн шинэлэг уур амьсгал оруулахаар ажиллаж байна.